Үйлчилгээний нөхцөл

Хиймэл оюун ухаанд суурилсан дуут болон бичгэн харилцааны агентын платформ

Хүчин төгөлдөр:

Үйлчилгээ үзүүлэгч
РАПТОРА ЭЙ АЙ СОЛЮШН
Үйлчилгээний нэр
Raptora AI Solution
Цахим шуудан
founders@raptora.io
Хаяг
Улаанбаатар, Баянзүрх, 43-р хороо, 13 дугаар хороолол, 97/4, 77 тоот

1. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү Үйлчилгээний нөхцөл нь “Раптора Эй Ай Солюшн” ХХК (цаашид “Үйлчилгээ үзүүлэгч” гэх)-ийн зүгээс Раптора Эй Ай (https://raptora.io/) платформ (цаашид “Платформ” гэх)-ийн үйлчилгээг ашиглах нөхцөл болон тавигдах шаардлагуудыг тодорхойлох, Платформоор дамжуулан хиймэл оюун ухаанд суурилсан дуут болон бичгэн харилцааны агентын үйлчилгээг авахтай холбоотой талуудын эрх, үүрэг харилцааг зохицуулна.

1.2. Платформ нь дуудлага, Facebook, Instagram, веб чат болон бусад дэмжигдсэн сувгаар харилцагчтай харилцах, SIP холболт, дуу хоолой таних болон текст/дуу хоолой хөрвүүлэх (STT/TTS), хэлний загвар (LLM), API болон холбогдох боломжуудыг багтаах бөгөөд Хэрэглэгчийн үүрэн телефон холбооны үйлчилгээ, утасны дугаар, операторын зөвшөөрөл, гэрээ, үйлчилгээний төлбөр нь Платформын үйлчилгээнд хамаарахгүй болно.

1.3. Хэрэглэгч нь дор байрлах “Хүлээн зөвшөөрч байна” гэсэн товчийг дарснаар энэхүү Үйлчилгээний нөхцөлийг бүрэн хүлээн зөвшөөрсөнд тооцно.

1.4. Enterprise багц болон тусгайлан тохиролцсон үйлчилгээний хувьд талуудын гэрээ, хавсралтад өөрөөр заасан бол тухайн тусгай нөхцөлийг баримтална.

2. Нэр томьёо

2.1. “Хэрэглэгч” гэж Платформд бүртгүүлсэн, үйлчилгээ захиалсан байгууллага болон түүнийг төлөөлөх эрх бүхий этгээдийг;

2.2. “Үйлчилгээ” гэж Хэрэглэгчийн захиалсан багц болон гэрээ, энэхүү Үйлчилгээний нөхцлийн хүрээнд Платформоор дамжуулан үзүүлэх үйлчилгээг;

2.3. “Агент” гэж Хэрэглэгчийн заавар, мэдлэгийн сан, тохиргооны дагуу ажиллаж, Хэрэглэгчийн харилцагчтай харилцдаг хиймэл оюун ухаанд суурилсан программ хангамжийн бүрдлийг;

2.4. “Хиймэл оюун ухааны загвар” гэж Платформд ашиглагдах LLM, дуу хоолой таних болон хөрвүүлэх (STT/TTS), бусад хиймэл оюун ухааны технологи, үүнд гуравдагч этгээдийн нийлүүлсэн загварыг;

2.5. “Мэдлэгийн сан” гэж Хэрэглэгч Агентад ашиглуулахаар оруулсан баримт бичиг, мэдээлэл, өгөгдлийг;

2.6. “Эцсийн хэрэглэгч” гэж Хэрэглэгчийн Агенттай дуудлага, мессеж эсхүл чатаар харилцаж буй этгээдийг;

2.7. “Хувь хүний мэдээлэл” гэж Монгол Улсын хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасан утгаар хувь хүнийг шууд болон шууд бусаар танихад ашиглагдах мэдээллийг;

2.8. “Хэтэвч/кредит” гэж Платформ дахь нэмэлт хэрэглээний төлбөрийг тооцох мөнгөн үлдэгдэл эсхүл урьдчилан худалдан авсан хэрэглээний эрхийг тус тус ойлгоно.

3. Бүртгэл үүсгэх, үйлчилгээний төрөл

3.1. Хэрэглэгч нь шинээр бүртгэл үүсгэхдээ өөрийн и-мэйлээр бүртгэл үүсгэж, туршилтын эрхийг нэг удаа 1,000 төгрөгөөр худалдан авсанаар Платформыг багцын эрхгүйгээр ашиглах боломжтой болно.

3.2. Багцын эрхгүй үед Хэрэглэгч нь дараах боломжтой байх бөгөөд туршилтын эрхийн хугацаа, хэрэглээний хязгаарыг тухай бүр Платформд харуулна.

  • 1 агент ашиглах;
  • 1 веб widget холбох;
  • Messenger эсхүл Instagram-аас нийт 1 хуудсыг холбох.

4. Үйлчилгээний багц, үнэ, хэрэглээний хязгаар

4.1. Үйлчилгээ үзүүлэгч нь Хэрэглэгчид Starter, Business, Growth, Enterprise гэсэн 4 төрлийн багцны сонголт санал болгох бөгөөд багцын үнэ, хүчинтэй хугацаа, төлбөрийн давтамж болон хэрэглээний хязгаар нь захиалгын үед Платформд харуулсан мэдээлэл болон Хэрэглэгчтэй байгуулсан гэрээнд зааснаар тодорхойлогдоно.

4.2. Хэрэглэгч нь үйлчилгээг тухайн үед хүчин төгөлдөр мөрдөж буй тарифын дагуу сар бүр төлбөр төлөн ашиглах, эсхүл 6 сар, 12 сарын багцын төлбөрийг урьдчилан төлж, холбогдох хөнгөлөлттэй үнээр үйлчилгээг ашиглах боломжтой. Урьдчилсан төлбөрт багцын үнэ болон хөнгөлөлтийн хэмжээ нь дараах байдлаар тодорхойлогдоно.

БагцСарын төлбөрХагас жилийн төлбөрЖилийн төлбөр
Starter199,000 төгрөг179,000 x 6 төгрөг159,000 x 12 төгрөг
Business699,000 төгрөг629,000 x 6 төгрөг559,000 x 12 төгрөг
Growth1,490,000 төгрөг1,341,000 x 6 төгрөг1,192,000 x 12 төгрөг
EnterpriseГэрээгээр

4.3. Урьдчилсан төлбөрт багцын үнийг 6 эсвэл 12 сараар нэг удаа урьдчилан бүрэн төлсөнөөр Платформ ашиглах багцын эрх нээгдэнэ.

4.3. Багц тус бүрт хамаарах хэрэглээний хэмжээ

БагцНэг зэрэг дуудлагаАгентын минутОролтын токенГаралтын токен
Starter130015 сая0.4 сая
Business590050 сая1.2 сая
Growth102,000120 сая3 сая
EnterpriseБайгууллагын үйл ажиллагааны хүрээ, хэрэгцээнээс хамааран тусгайлан тохиролцоно.

Хэрэглээний жишиг тайлбар:

  • Starter: ажлын өдөрт ойролцоогоор 7 дуудлага (дуудлага тус бүр 2 минут) эсхүл сард 900 орчим чат.
  • Business: ажлын өдөрт ойролцоогоор 20 дуудлага эсхүл сард 3,000 орчим чат.
  • Growth: ажлын өдөрт ойролцоогоор 45 дуудлага эсхүл сард 7,500 орчим чат.

4.4. Нэг зэрэг дуудлагын тоо нь нэг агшинд зэрэг явагдах дуудлагын дээд хэмжээг илэрхийлнэ. Энэ хязгаараас давсан дуудлага эхлүүлэх эсхүл хүлээн авах боломж хязгаарлагдаж болно.

4.5. Гарах дуудлагын функц Growth багцаас эхлэн нээлттэй байна. Enterprise багцын гарах дуудлагын нөхцөлийг тусгай гэрээгээр тогтоож болно.

4.6. Үйлчилгээний идэвхтэй хугацаанд Хэрэглэгч одоогийн багцаа илүү өндөр түвшний багц болгон ахиулж болох боловч доод багц руу бууруулах боломжгүй. Багц ахиулах үед тухайн сарын үлдсэн хугацаанд ногдох үнийн зөрүүг тооцож, хуучин багцын ашиглаагүй хугацаанд ногдох буцаан тооцох дүн байвал шинэ багцын төлбөрөөс хасна. Эцсийн төлөх дүнг Платформд харуулж, Хэрэглэгч баталгаажуулна.

4.8. Багц ахиулсны дараа шинэ багцын хэрэглээний нэмэгдсэн хязгаар тухайн сарын үлдсэн хугацаанд үйлчилнэ. Урьдчилгаа төлбөртэй багцыг сарын төлбөртэй багц болгон өөрчлөх боломжгүй бөгөөд мөн хугацаанаас өмнө цуцлах боломжгүй байна.

5. Нэмэлт хэрэглээ, кредит ба хэтэвч

5.1. Дуудлагын хэрэглээг ашигласан агентын минутын хэмжээгээр, харин текстэн харилцааны хэрэглээг оролтын болон гаралтын токены хэмжээгээр тус тус тооцно. Хэрэглэгчийн сонгосон багцад багтсан агентын минут, оролтын токен болон гаралтын токены хязгаараас давсан хэрэглээг задгай хэрэглээний тарифаар тооцож, дараах байдлаар Хэрэглэгчийн төлбөрт нэмж тооцно.

БагцАгентын нэмэлт 1 минутНэмэлт 1 сая оролтын токенНэмэлт 1 сая гаралтын токен
Starter350 ₮3,500 ₮30,000 ₮
Business320 ₮3,400 ₮28,000 ₮
Growth300 ₮3,200 ₮28,000 ₮
Enterprise300 ₮*3,200 ₮*28,000 ₮*

Enterprise багцын нэмэлт хэрэглээний тарифыг тусгай гэрээгээр өөрөөр тогтоож болно.

5.2. Хэрэглэгч Хэтэвчийг нэг удаад хамгийн багадаа 50,000 төгрөгөөр Byl төлбөрийн үйлчилгээгээр цэнэглэж болно. Төлбөр амжилттай баталгаажсаны дараа үлдэгдэл Платформд тусгагдана.

5.3. Хэтэвчийн үлдэгдэл тэг болсон үед үйлчилгээ нь тэг болсон үеэс хойш 24 цаг өнгөрөх эсхүл үлдэгдэл хасах 5,000 төгрөгт хүрэх хоёр нөхцөлийн аль түрүүлж биелэх хүртэл үргэлжилж болно. Үүний дараа нэмэлт хэрэглээ шаарддаг үйлчилгээ зогсох буюу хязгаарлагдана. Нэгэнт эхэлсэн дуут харилцааг таслахгүйгээр дуусгах боломж олгоно.

5.4. Үйлчилгээ зогссон үед үүссэн төлбөрийн өр хэвээр үлдэх бөгөөд хэрэглэгч үлдэгдлээ нөхөж цэнэглэсний дараа үйлчилгээ дахин идэвхжиж болно.

6. Үйлчилгээний сунгалт, цуцлалт

6.1. Тухайн сарын багцад багтсан ашиглаагүй хэрэглээний эрх, кредитийн үлдэгдлийг дараагийн сар руу шилжүүлэхгүй бөгөөд Хэрэглэгч ашиглаагүй хэрэглээний эрх, кредитийн үлдэгдлийн төлбөрийг шаардах эрхгүй байна.

6.2. Багцын хугацаа дуусахад автоматаар сунгагдахгүй бөгөөд Хэрэглэгч багцыг үргэлжлүүлэн ашиглахын тулд холбогдох төлбөрийг 24 цагийн дотор төлж, багцыг идэвхжүүлэн ашиглах боломжтой.

6.3. Гэрээ дуусгавар болох, цуцлагдах эсхүл Хэрэглэгчийн бүртгэл хаагдах тохиолдолд Хэрэглэгч нь өөрийн байгууллагын өгөгдөл, мэдээллийг 30 (гуч) хоногийн дотор Платформоос экспортлон авч, өөрийн мэдээллийн хуулбарыг хадгалах үүрэгтэй. Энэ хугацаанд Платформ нь зөвхөн өгөгдлийг үзэх, татаж авах болон экспортлох горимд ажиллах бөгөөд AI агентын ажиллагаа, дуудлага хийх, хүлээн авах болон бусад сувгийн холболтууд идэвхгүй байна.

7. Хэрэглэгчийн мэдэгдэл, баталгаа

7.1. Хэрэглэгч нь хиймэл оюун ухааны загвар, агентын систем, LLM болон STT/TTS технологи нь магадлалд суурилан ажилладаг тул алдаатай, буруу, дутуу, зохиомол эсхүл зохисгүй үр дүн гаргаж болохыг хүлээн зөвшөөрнө. Хэрэглэгч нь үйлчилгээг бодит хэрэглээнд ашиглахаас өмнө туршиж, үр дүнг хянах, шаардлагатай тохиолдолд хүний хяналт болон ажилтанд шилжүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.

7.2. Хэрэглэгч нь Үйлчилгээг ашиглахдаа холбогдох хууль тогтоомж, энэхүү Үйлчилгээний нөхцөл, Үйлчилгээ үзүүлэгчээс мэдэгдсэн шаардлага, зааврыг мөрдөж, хууль бус зорилгоор ашиглахгүй байх үүрэгтэй.

7.3. Хэрэглэгч нь Үйлчилгээнд бүртгүүлэх болон ашиглахдаа үнэн зөв, бүрэн мэдээлэл өгөх бөгөөд үйл ажиллагаа эрхлэх, мэдээлэл боловсруулах, утасны дугаар, SIP холболт болон бусад холбогдох нөөцийг ашиглахад шаардлагатай эрх, зөвшөөрөлтэй болохоо баталгаажуулна.

7.4. Хэрэглэгч нь Үйлчилгээгээр дамжуулан хувийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, дуудлага бичих, мессеж илгээх болон бусад харилцаа үүсгэхдээ мэдээллийн эзэнд шаардлагатай мэдэгдэл өгөх, хуульд заасан зөвшөөрөл авах, хууль ёсны үндэслэлийг бүрдүүлэх болон холбогдох бусад үүргийг биелүүлнэ.

7.5. Хэрэглэгчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүй, хууль тогтоомж болон энэхүү Нөхцөлийн зөрчлөөс шалтгаалан гуравдагч этгээдийн гомдол, нэхэмжлэл, харилцаа холбооны операторын төлбөр, хохирол болон үндэслэлтэй зардал үүссэн бол Хэрэглэгч нь өөрийн буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой хэмжээнд хариуцна. Үүнд Үйлчилгээ үзүүлэгчийн өөрийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээс үүссэн хохирол хамаарахгүй.

7.6. Хэрэглэгч нь энэхүү Үйлчилгээний нөхцөлтэй танилцаж, агуулга, эрх, үүрэг, хариуцлага болон Үйлчилгээг ашиглахтай холбоотой эрсдэлийг ойлгож, Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч байгаагаа мэдэгдэнэ.

8. Платформыг хууль бус зорилгоор ашиглахыг хориглох, зөрчил, хариуцлага

8.1. Хэрэглэгч нь Платформыг хууль тогтоомж зөрчих, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах, эсхүл гуравдагч этгээдэд хохирол учруулах зорилгоор ашиглахыг хориглоно. Үүнд дараах үйлдэл хамаарч болох бөгөөд эдгээрээр хязгаарлагдахгүй:

а) бусдыг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, худал мэдээлэл өгөх, залилан үйлдэх болон бусад гэмт хэрэг, зөрчил үйлдэх, түүнд оролцох, туслах;

б) хууль бус үйл ажиллагаа явуулж буй этгээд, байгууллагын өмнөөс эсхүл тэдний ажиллагааг дэмжих зорилгоор хүнтэй холбоо барих, дуудлага хийх, мессеж илгээх;

в) өөрийгөө өөр хүн, байгууллага, төрийн байгууллага, санхүүгийн байгууллага эсхүл бусад этгээд мэтээр хуурамчаар танилцуулах, бусдын нэр, дүр төрх, дуу хоолой, таних тэмдэг болон бусад мэдээллийг зөвшөөрөлгүй ашиглах;

г) хуульд заасан эрх, зөвшөөрөлгүйгээр хүний эрүүл мэнд, амь нас, санхүүгийн байдал, эрх, хууль ёсны ашиг сонирхолд эрсдэл учруулж болзошгүй мэргэжлийн зөвлөгөө, дүгнэлт, зааварчилгаа өгөх, эсхүл ийм зөвлөгөөг эрх бүхий мэргэжилтний зөвлөгөө мэтээр танилцуулах;

д) мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, хууль бус орлогыг нуун далдлах, хууль бус хөрөнгө, мөнгө шилжүүлэх болон эдгээр үйл ажиллагааг дэмжих;

е) хууль бус зар сурталчилгаа явуулах, олон нийтэд дуудлага, мессеж түгээх, эсхүл бусдын хувийн мэдээлэл, байгууллагын болон төрийн нууц мэдээллийг тараах, бусдыг дарамтлах, заналхийлэх

ё) Платформын аюулгүй байдал, хэвийн ажиллагаанд саад учруулах, хамгаалалтын арга хэмжээг тойрч гарах, эсхүл Платформыг энэ зүйлд заасан хориглосон үйлдэлд ашиглах;

8.2. Хэрэглэгч нь Платформоор дамжуулан үүсгэсэн дуудлага, мессеж, Агентын тохиргоо, заавар, Мэдлэгийн сан, оруулсан мэдээлэл болон Платформыг ашиглах зорилго, арга хэлбэр хууль тогтоомжид нийцсэн байхыг хариуцах ба өөрийн эрхээр Платформыг ашиглаж буй ажилтан, бусад этгээдийн үйл ажиллагаанд зохих хяналт тавьж, хориглосон үйлдэл гаргахгүй байх арга хэмжээг авч ажиллана.

8.3. Үйлчилгээ үзүүлэгч нь 8.1-т заасан зөрчил илэрсэн, зөрчсөн байх сэжигтэй тохиолдол бий болсон тохиолдолд дараах арга хэмжээг дангаар эсхүл хослуулан авч болно.

а) Хэрэглэгч, Эцсийн хэрэглэгчээс тайлбар, нэмэлт мэдээлэл, нотлох баримт шаардах;

б) Зөрчилтэй холбоотой Агент, дуудлага, мессеж, сувгийн холболт болон холбогдох функцийг түр хязгаарлах, идэвхгүй болгох;

в) Хэрэглэгчийн аккаунт, Платформд нэвтрэх эрх болон Үйлчилгээг бүхэлд нь буюу хэсэгчлэн түр түдгэлзүүлэх, эсхүл Гэрээг цуцлах;

г) зөрчилтэй холбоотой мэдээлэл, техникийн бүртгэл, нотлох баримтыг хуульд нийцүүлэн хадгалах;

д) хууль тогтоомжийн дагуу эрх бүхий байгууллагад мэдээлэх, хууль ёсны шаардлагыг биелүүлэх, шаардлагатай мэдээлэл, баримтыг гаргаж өгөх.

8.4. Хүний амь нас, эрүүл мэнд, санхүүгийн байдал, хувь хүний мэдээлэл, аюулгүй байдалд ноцтой эрсдэл учирч болзошгүй гэмт хэрэг, залилан, мөнгө угаах болон бусад хууль бус үйл ажиллагаатай холбоотой үндэслэлтэй сэжиг үүссэн, эсхүл Платформын аюулгүй байдалд бодит аюул заналхийлсэн тохиолдолд Үйлчилгээ үзүүлэгч нь Хэрэглэгчид урьдчилан мэдэгдэлгүйгээр холбогдох Үйлчилгээг нэн даруй түр түдгэлзүүлэх, хязгаарлах эрхтэй боловч боломжит түргэн хугацаанд мэдэгдэхийг эрмэлзэнэ.

8.5. Хэрэглэгчийн хууль бус үйлдэл эсвэл энэхүү Үйлчилгээний нөхцлийн 8.1-т заасан зөрчлийн улмаас Үйлчилгээ үзүүлэгч болон гуравдагч этгээдэд хохирол учирсан бол Хэрэглэгч нь өөрийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйтэй шалтгаант холбоотой хохирлыг үл маргах журмаар хариуцна.

8.6. Үйлчилгээ үзүүлэгч нь энэхүү Үйлчилгээний нөхцөл, хуульд заасан үндэслэл, журмын дагуу зөрчлийг таслан зогсоох, хохирол нэхэмжлэх, эрх бүхий байгууллагад хандах эрхтэй.

9. Оюуны өмч

9.1. Платформ, түүний код, загвар, алгоритм, агентын загвар, промпт, интерфейс, баримт бичиг, барааны тэмдэг болон тэдгээрийн сайжруулалт нь Үйлчилгээ үзүүлэгчийн оюуны өмч байна. Гэрээгээр Хэрэглэгчид зөвхөн Платформыг ашиглах хязгаарлагдмал, шилжүүлэх боломжгүй, онцгой бус эрх олгоно.

9.2. Хэрэглэгчийн агуулга болон үйлчилгээний өгөгдөл нь Хэрэглэгч эсхүл холбогдох мэдээллийн эзний өмч байна. Хэрэглэгч Үйлчилгээ үзүүлэгчид эдгээрийг зөвхөн үйлчилгээ үзүүлэх зорилгоор ашиглах эрх олгоно.

9.3. Хэрэглэгч Платформыг задлан шинжлэх, эх кодыг сэргээх, хуулбарлах, өөрчлөх, дахин худалдах, түрээслэх, гуравдагч этгээдэд үйлчилгээ үзүүлэх зорилгоор ашиглуулах, өрсөлдөх бүтээгдэхүүн хөгжүүлэхэд ашиглах, аюулгүй байдлын хяналтыг тойрч гарахыг хориглоно.

10. Гуравдагч этгээдийн үйлчилгээ

10.1. Платформ нь төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч, холбооны оператор, олон нийтийн сүлжээ, AI систем нийлүүлэгч болон үүлэн үйлчилгээ үзүүлэгч зэрэг гуравдагч этгээдийн системтэй холбогдож болно. Эдгээрийн үйлчилгээний нөхцөл, хүртээмж, үнэ болон техникийн шаардлага өөрчлөгдөх нь Платформд нөлөөлж болно.

10.2. Хэрэглэгч өөрийн SIP операторын бүртгэл, нэвтрэх мэдээлэл, API key болон администраторын эрхийг хамгаалж, зөвхөн эрх бүхий этгээдэд хандалт олгоно. SIP эрх алдагдсан, зөвшөөрөлгүй ашиглагдсан эсхүл сэжигтэй дуудлага илэрвэл Үйлчилгээ үзүүлэгч болон SIP операторт нэн даруй мэдэгдэж, нууц мэдээллийг солих/сэргээх арга хэмжээ авна.

10.3. SIP аккаунт, нууц мэдээлэл Хэрэглэгч эсхүл операторын талаас алдагдсанаас үүдэлтэй зөвшөөрөлгүй дуудлага, операторын нэхэмжлэл, залилангийн зардал, хохирлыг тухайн шалтгаанд хамаарах хэсэгт Хэрэглэгч хариуцна.

11. Үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулах

11.1. Үйлчилгээ үзүүлэгч нь хууль тогтоомжийн өөрчлөлт, үйлчилгээний төрөл, нөхцөл, үнэ тариф, технологи болон аюулгүй байдлын шаардлага зэрэг үндэслэлээр энэхүү Үйлчилгээний нөхцөлд нэмэлт, өөрчлөлт оруулах эрхтэй.

11.2. Үйлчилгээ үзүүлэгч нь Үйлчилгээний нөхцөлд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг өөрийн цахим хуудас, платформ эсхүл Хэрэглэгчид бүртгэлтэй цахим шуудан болон бусад цахим сувгаар мэдэгдэж болно. Өөрчлөлт нь мэдэгдэлд заасан өдрөөс, эсхүл мэдэгдэлд хүчин төгөлдөр болох өдөр тусгайлан заагаагүй бол нийтэлсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь энэхүү Үйлчилгээний нөхцөл болон түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй тогтмол танилцах үүрэгтэй.