Нууцлалын бодлого

Raptora AI Solution платформын хувийн мэдээлэл боловсруулах журам

Хүчин төгөлдөр:

Үйлчилгээ үзүүлэгч
РАПТОРА ЭЙ АЙ СОЛЮШН
Үйлчилгээний нэр
Raptora AI Solution
Цахим шуудан
founders@raptora.io
Хаяг
Улаанбаатар, Баянзүрх, 43-р хороо, 13 дугаар хороолол, 97/4, 77 тоот

1. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү Нууцлалын бодлого (цаашид “Бодлого” гэх) нь “Раптора Эй Ай Солюшн” ХХК (цаашид “Үйлчилгээ үзүүлэгч” гэх)-ийн үзүүлж буй хиймэл оюун ухаанд суурилсан дуут болон бичгэн харилцааны агентын платформ (цаашид “Платформ” гэх)-ыг ашиглах явцад мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах, хадгалах, дамжуулах, хамгаалах болон устгахтай холбоотой харилцааг зохицуулна.

1.2. Энэхүү Бодлого нь Платформд бүртгэл үүсгэсэн хэрэглэгч, түүний эрх бүхий ажилтан, Платформоор дамжуулан дуудлага болон бичгэн харилцаа үүсгэж буй этгээд, мөн Платформын цахим хуудас болон бусад холбогдох сувгаар мэдээлэл өгч буй эцсийн хэрэглэгч этгээдэд хамаарна.

1.3. Үйлчилгээ үзүүлэгч, Хэрэглэгч нь мэдээллийг боловсруулахдаа Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг мөрдөнө.

1.4. Энэхүү Нууцлалын бодлого нь Үйлчилгээ үзүүлэгчийн мэдээлэл боловсруулах үйл ажиллагааг тайлбарлах бөгөөд Хэрэглэгч байгууллагын өмнөөс цуглуулж, боловсруулж буй мэдээллийн хувьд тухайн байгууллагын мэдээлэл боловсруулах зорилго, хууль ёсны үндэслэл болон мэдээллийн эзний өмнө хүлээх үүргийг орлохгүй.

1.5. “Хувийн мэдээлэл” гэж мэдээллийн эзнийг шууд болон шууд бусаар тодорхойлох боломжтой, түүнд хамаарах мэдээллийг, “Эмзэг мэдээлэл” хүний үндэс, угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх мэдээллийг тус тус ойлгоно. Платформоор дамжуулан боловсруулагдаж буй хүний дуу хоолой нь дангаараа, тухайн хүнийг таних биометрик мэдээлэл болгон ашиглаагүй бөгөөд хуульд заасан бусад эмзэг мэдээллийг агуулаагүй тохиолдолд эмзэг мэдээлэлд хамаарахгүй. Харин дуу хоолойг тухайн хүнийг таних зорилгоор биометрик мэдээлэл болгон ашиглах тохиолдолд тухайн мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуу ангилж, боловсруулна.

2. Цуглуулах мэдээллийн төрөл

2.1. Платформ нь утасны дуудлага, SIP холболт, вэб чат, Facebook, Instagram болон бусад холбогдсон сувгаар харилцаа үүсгэх, яриаг текстэд хөрвүүлэх (STT), текстийг ярианд хөрвүүлэх (TTS), их хэлний загвар (LLM) болон бусад хиймэл оюун ухааны технологи ашиглан мэдээлэл боловсруулах боломжтой.

2.2. Бүртгэл болон байгууллагын мэдээлэл. Платформд бүртгүүлэх, багц идэвхжүүлэх, төлбөр төлөх болон үйлчилгээг ашиглах үед байгууллагын оноосон нэр, хаяг, улсын бүртгэлийн мэдээлэл, имэйл хаяг, утасны дугаар, төлбөрийн болон бусад үйлчилгээний мэдээллийг цуглуулж болно.

2.3. Дуут харилцааны мэдээлэл. Платформоор дамжуулан дуудлага хийх, хүлээн авах үед утасны дугаар, дуудлагын огноо, цаг, үргэлжилсэн хугацаа, холболтын төлөв, дуудлагын аудио бичлэг, яриаг текстэд хөрвүүлсэн мэдээлэл болон дуудлагатай холбоотой техникийн мэдээлэл боловсруулагдаж болно.

2.4. Бичгэн харилцааны мэдээлэл. Вэб чат, Facebook, Instagram болон бусад холбогдсон сувгаар солилцсон мессеж, хэрэглэгчийн асуулт, хариулт, текст хэлбэрийн мэдээлэл боловсруулагдаж болно.

2.5. AI агентын тохиргоо болон хэрэглэгчийн оруулсан мэдээлэл. Хэрэглэгчийн оруулсан зааварчилгаа, мэдлэгийн сан, файл, контент, API холболтын тохиргоо, автоматжуулалтын дүрэм болон бусад өгөгдлийг Платформын үйл ажиллагааг хангах зорилгоор боловсруулж болно.

2.6. Техникийн болон хэрэглээний мэдээлэл. Платформд хандсан хугацаа, IP хаяг, төхөөрөмж болон хөтчийн мэдээлэл, системийн бүртгэл, алдааны мэдээлэл, хэрэглээний хэмжээ, агентын минут, оролтын болон гаралтын токен, аюулгүй байдлын үйл явдлын мэдээллийг цуглуулж болно.

2.7. Төлбөрийн мэдээлэл. Багц, хэрэглээний төлбөр, кредитийн үлдэгдэл, гүйлгээний төлөв болон нэхэмжлэлийн мэдээллийг боловсруулна. Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчээс хамааран төлбөрийн нэмэлт мэдээлэл тухайн үйлчилгээ үзүүлэгчид хадгалагдаж болно.

2.8. Эмзэг мэдээлэл. Хэрэглэгч болон эцсийн хэрэглэгч нь Платформд эрүүл мэнд, биометрик, санхүүгийн болон бусад хуульд тусгайлан хамгаалсан мэдээлэл оруулж болзошгүй. Ийм мэдээллийг боловсруулахад Хэрэглэгч нь тухайн мэдээллийг боловсруулах эрх, хууль ёсны үндэслэл болон шаардлагатай зөвшөөрлийг бүрдүүлэх үүрэгтэй.

3. Мэдээллийн эзний эрх ба мэдээллийг боловсруулах

3.1. Мэдээллийн эзэн нь хууль тогтоомжид заасан хүрээнд өөрийн мэдээллийг боловсруулах талаар мэдээлэл авах, мэдээлэлтэй танилцах, буруу мэдээллийг засуулах, хуульд заасан үндэслэлээр мэдээллийг устгуулах, боловсруулахыг зогсоолгох буюу зөвшөөрлөө цуцлах хүсэлт гаргах эрхтэй байна.

3.2. Үйлчилгээ үзүүлэгч нь мэдээллийг дараах зорилгоор боловсруулж болно:

а. Платформ болон AI агентын үйлчилгээг үзүүлэх, ажиллуулах;

б. Дуудлага, чат болон бусад харилцааг дамжуулах, боловсруулах, текстэд хөрвүүлэх, хариу үүсгэх;

в. Хэрэглэгчийн бүртгэл, эрх, багц, төлбөр болон хэрэглээг удирдах;

г. Платформын аюулгүй байдал, тогтвортой ажиллагаа, алдааг илрүүлэх, засах, техникийн дэмжлэг үзүүлэх;

д. Хэрэглэгчийн хүсэлт, гомдол, үйлчилгээтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх;

е. Хууль тогтоомжид заасан үүргийг биелүүлэх, хууль ёсны шаардлагад хариу өгөх;

3.3. Үйлчилгээ үзүүлэгч нь хувийн болон эмзэг мэдээллийг зөвшөөрөлгүйгээр олж авах, сонсох, харах эрсдэлийг бууруулах зорилгоор тэдгээр мэдээллийг автоматаар илрүүлж, далдлах (redaction) хэрэгсэл, технологийг Хэрэглэгчид санал болгоно.

3.4. Үйлчилгээ үзүүлэгч нь мэдээллийг анх цуглуулсан зорилготой нийцэхгүй өөр зорилгоор ашиглах шаардлага үүсвэл холбогдох хууль тогтоомжийн шаардлагыг хангаж, шаардлагатай тохиолдолд Хэрэглэгч, мэдээллийн эзэнд мэдэгдэнэ.

4. Гуравдагч этгээдийн үйлчилгээ ба бусад технологи

4.1. Платформын зарим функц нь гуравдагч этгээдийн LLM, STT/TTS, үүлэн тооцоолол, мэдээлэл хадгалалт, харилцаа холбоо, төлбөрийн үйлчилгээ болон бусад технологид тулгуурласан тул холбогдох мэдээллийг эдгээр үйлчилгээ үзүүлэгчид дамжуулж, боловсруулах шаардлага үүсч байгаа бөгөөд тухайн мэдээллийн төрөл, хэмжээ нь тухайн функц, интеграц болон Хэрэглэгчийн тохиргооноос хамаарна. Үйлчилгээ үзүүлэгч нь тэдгээр мэдээллийг зөвхөн боловсруулахад зайлшгүй шаардлагатай хүрээнд дамжуулна.

4.2. Гуравдагч этгээдийн үйлчилгээний нөхцөл, мэдээлэл боловсруулах практик, серверийн байршил болон хадгалалтын хугацаа нь тухайн үйлчилгээ үзүүлэгчээс хамаарч болно. Тухайн үйлчилгээтэй холбоотой өөрчлөлт, тусгай нөхцөл, мэдээлэл дамжуулалтын талаар Хэрэглэгчид түүнтэй байгуулах гэрээ эсвэл мэдэгдлээр мэдээлнэ.

4.3. Платформын цахим хуудас болон хэрэглэгчийн интерфэйс нь нэвтрэлтийг хадгалах, тохиргоог санах, аюулгүй байдлыг хангах, ажиллагааг сайжруулах зорилгоор cookie болон түүнтэй төстэй технологи ашиглаж болно.

4.4. Хэрэглэгч нь хөтчийн тохиргоогоор cookie-г хязгаарлах боломжтой боловч үүний улмаас Платформын зарим функц хэвийн ажиллахгүй байж болно. Шаардлагатай зөвшөөрөл авах ёстой cookie-г холбогдох хууль тогтоомжийн дагуу ашиглана.

5. Мэдээлэл хадгалах, устгах

5.1. Үйлчилгээ үзүүлэгч нь мэдээллийг боловсруулах зорилго, үйлчилгээний нөхцөл, Хэрэглэгчийн тохиргоо, хуульд заасан хадгалалтын үүрэг болон мэдээллийг хадгалах шаардлагаас хамааран хадгална.

5.2. Дуудлагын аудио, ярианы текст, чатны түүх, дуудлагын мета өгөгдөл, агентын тохиргоо, мэдлэгийн сан, системийн бүртгэл болон төлбөрийн мэдээллийн хадгалалтын хугацаа нь тухайн мэдээллийн төрөл, үйлчилгээний тохиргоо болон гэрээний нөхцөлөөс хамаарна.

5.3. Мэдээлэл боловсруулах зорилго дууссан, хадгалах шаардлагагүй болсон, эсхүл хуульд заасан үндэслэлээр устгах шаардлага үүссэн тохиолдолд Үйлчилгээ үзүүлэгч нь холбогдох хууль тогтоомжийн дагуу мэдээллийг устгах арга хэмжээ авна.

5.4. Гэрээ дуусгавар болох, аккаунт хаагдах үед Хэрэглэгчийн байгууллагын өгөгдлийг экспортлон авах хугацаа болон түүнээс хойших устгалын нөхцөлийг Үйлчилгээний нөхцөл болон холбогдох гэрээгээр зохицуулна. Нөөц хуулбар, системийн бүртгэлд хадгалагдсан мэдээллийг устгах ерөнхий хугацаа үйлчилгээний эрх зогссоноос хойш 3 жил байна.

6. Мэдээллийн аюулгүй байдал

6.1. Үйлчилгээ үзүүлэгч нь мэдээллийг зөвшөөрөлгүй хандах, задруулах, өөрчлөх, устгах болон алдах эрсдэлийг бууруулахын тулд эрсдэлд суурилсан техникийн болон зохион байгуулалтын арга хэмжээ авна. Үүнд хандалтын эрхийн хязгаарлалт, нэвтрэх эрхийн удирдлага, системийн бүртгэл хөтлөлт, нууц мэдээллийг хамгаалах болон аюулгүй байдлын хяналт зэрэг арга хэмжээ хамаарч болно.

6.2. Үйлчилгээ үзүүлэгч нь мэдээлэлд хандах эрхийг үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай ажилтан, эрх бүхий этгээдээр хязгаарлах бөгөөд тэдгээр этгээдэд нууцлал болон мэдээллийн аюулгүй байдлын холбогдох үүрэг хүлээлгэнэ.

6.3. Хэрэглэгч нь өөрийн аккаунт, нууц үг, API түлхүүр, SIP нэвтрэх мэдээлэл болон бусад нэвтрэх эрхийг хамгаалах үүрэгтэй. Зөвшөөрөлгүй хандалт, мэдээлэл алдагдсан байж болзошгүй нөхцөл илэрвэл Үйлчилгээ үзүүлэгчид нэн даруй мэдэгдэнэ.

6.4. Мэдээллийн аюулгүй байдлын зөрчил гарсан тохиолдолд Үйлчилгээ үзүүлэгч нь холбогдох хууль тогтоомжийн дагуу шаардлагатай арга хэмжээ авч, Хэрэглэгч болон эрх бүхий байгууллагад, шаардлагатай тохиолдолд мэдээллийн эзэнд мэдэгдэх үүрэгтэй.

7. Бодлогод өөрчлөлт оруулах

7.1. Үйлчилгээ үзүүлэгч нь хууль тогтоомж, үйлчилгээний төрөл, технологи, мэдээлэл боловсруулах ажиллагаа болон аюулгүй байдлын шаардлагын өөрчлөлттэй холбоотойгоор энэхүү Бодлогод нэмэлт, өөрчлөлт оруулж болно.

7.2. Бодлогод оруулсан өөрчлөлтийг Платформ, цахим хуудас эсхүл бусад тохирох сувгаар нийтэлж, шаардлагатай тохиолдолд Хэрэглэгчид бүртгэлтэй цахим шуудангаар мэдэгдэнэ.

8. Санал, хүсэлт, гомдол

8.1. Энэхүү Нууцлалын бодлого, мэдээлэл боловсруулах ажиллагаа болон мэдээллийн эзний эрхтэй холбоотой санал гомдол, зөвшөөрлөө цуцлах, бүртгэлээ цуцлуулах хүсэлтийг founders@raptora.io имэйл хаягаар ирүүлнэ. Үйлчилгээ үзүүлэгч нь хүсэлтийг хүлээн авснаас хойш 5 ажлын хоногийн дотор шийдвэрлэнэ.

8.2. Хэрэв мэдээллийг Үйлчилгээ үзүүлэгч биш, Хэрэглэгч байгууллага өөрийн харилцагч, ажилтан болон бусад этгээдийн талаар цуглуулж, Платформд дамжуулсан бол тухайн мэдээллийн эзэн эхлээд Хэрэглэгчид шууд хандах шаардлагатайг анхаарна уу.